11 дугаар зүйл. Тээвэрлүүлэгч, зорчигчийн эрх, үүрэг
11 .1.Тээвэрлүүлэгч, зорчигч нь дараахь эрх эдэлнэ:
11.1.1.тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангаагүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхээс татгалзах;
11.1.2.нийтийн тээврийн тогтоосон чиглэл, үйлчилгээний цагийн хуваарь баримтлахыг тээвэрлэгчээс шаардах;
11.1.3.тээвэрлэлтийн үнэ тариф, замын чиглэл, үйлчилгээний цагийн хуваарь, ачаа хүргэх хугацааны талаар үнэн зөв мэдээлэл авах;
11.1.4.тээвэрлэлтийн гэрээнд зааснаас бусад тохиолдолд улс, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч нь өвчлөх зэрэг хүндэтгэх шалтгаанаар худалдан авсан зорчих тасалбарт заасан чиглэлд зорчиж чадахгүй болсон буюу хүрэх газартаа хүрээгүй буусан тохиолдолд замын үлдсэн хэсэгт ногдох тээврийн хөлсийг тээвэрлэгчээс буцааж авах;
11.2.Тээвэрлүүлэгч, зорчигч нь дараахь үүрэг хүлээнэ:
11.2.1.ачааны савлалт, баглаа, боодол, бэхэлгээг стандартын дагуу хийж, нэр төрөл, илгээх чиглэлээр нь ялган тээвэрлэхэд бэлтгэх;
11.2.2.ачааг ачих, буулгах зам, талбайг автотээврийн хэрэгсэл явахад саадгүй байлгах;
11.2.3.ачих, буулгах машин механизм, нэмэгдэл төхөөрөмж, хүн хүчийг бэлэн байлгаж ачааг тогтоосон хугацаанд ачих, буулгах, өөрийн хаягтай буюу гэрээт ачааг хүлээн авах;
11.2.4.ачааг тээвэрлэх, хадгалах тухай мэдээллээр тээвэрлэгчийг хангах;
11.2.5.ачааг ачсан, хүлээн авсан тухайгаа тээврийн баримт бичигт тэмдэглэж баталгаажуулан тээвэрлэгчид олгох;
11.2.6.нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч нь зорчих тасалбарыг худалдан авах;
11.2.7.нийтийн тээврээр зорчихдоо бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, гэм хор учруулж болзошгүй эд зүйлийг авч явахгүй байх;
11.2.8.нийтийн тээврээр зорчихдоо автотээврийн хэрэгслийг эвдэж, гэмтээхгүй байх;
11.2.9.зорчигч нь улс, хот хооронд, орон нутагт зорчихдоо иргэний паспорт, холбогдох бусад баримт бичиг, зорчих тасалбарыг биедээ авч явах, тэдгээрийг жолооч, кондуктор болон шалгах эрх бүхий хүмүүсийн анхны шаардлагаар үзүүлэх.