10 дугаар зүйл. Тээвэрлэгчийн эрх, үүрэг
10.1.Тээвэрлэгч нь дараахь эрх эдэлнэ:
10.1.1.автозамын байгууллагаас автозам, гүүрийг тээврийн хэрэгсэл зорчиход саадгүй байлгахыг шаардах, автозам, гүүрийн ашиглалтын нөхцөл хангаагүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх;
10.1.2.зорчих тасалбарыг урьдчилан аваагүй буюу жолооч, кондуктор шаардахад тээврийн хөлс төлөхгүй байгаа зорчигч, мөн тээвэрлэлтийн нөхцөлийн дагуу бэлтгээгүй ачааг тээвэрлэхээс татгалзах;
10.1.3.нийтийн тээврийн хэрэгслийн жолооч, кондуктор нь зорчигчид нийгмийн хэв журам сахих, тээврийн үйлчилгээний дүрэм, журмыг биелүүлэх шаардлага тавих.
10.2.Тээвэрлэгч нь дараахь үүрэг хүлээнэ:
10.2.1.өөрийн тээвэрлэлтийн үйлчилгээний талаархи үнэн зөв мэдээллээр тээвэрлүүлэгчийг хангах, зорчигчийн амь нас, эрүүл мэнд, ачаанд аюул, хохирол учруулахгүй байх;
10.2.2.ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тав тухтай, аюул, осолгүй тээвэрлэх;
/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
10.2.21.тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх;
/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
10.2.3.нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхдээ гэрээ байгуулсан байгууллагатай тохиролцсон цагийн хуваарь, чиглэлийг баримтлах;
/Энэ заалтад 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.2.4.өөрийн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хэмжээ, үйл ажиллагааны мэдээ, тайланг тогтоосон үзүүлэлт, загвараар хугацаанд нь гэрээ байгуулсан байгууллагад гаргаж өгөх;
/Энэ заалтад 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.2.5.автозам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглах;
10.2.6.автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангах;
10.2.7.автотээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, жолооч нь автотээврийн хэрэгслийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангасан, зориулалтын, зөвшөөрөгдсөн байр, зогсоол, талбайд тавих;
10.2.8. 20 ба түүнээс дээш нийтийн тээврийн хэрэгсэлтэй тээвэрлэгчийн тээврийн хэрэгслийн 10-аас доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан байх;
/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн/
10.2.9.тээвэрлэгч нь энэ хуулийн 10.2.8-д заасан хэмжээний тээврийн хэрэгсэлгүй бол Засгийн газраас тогтоосон хэмжээ, журмын дагуу жил бүр төлбөр төлнө. Төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэн, уг хөрөнгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулах нийгмийн хамгааллын арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах;
/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн/
10.2.10.энэ хуулийн 3.1.14-т заасан тээвэрлэлтийг гүйцэтгэх бол стандартын шаардлагыг хангасан тусгай зориулалтын автотээврийн хэрэгслээр тээвэрлэх;
/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
10.2.11.зөвхөн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр улс, хот хоорондын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх.
/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/