9 дугаар зүйл. Тээвэрлэлт гүйцэтгэх

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Тээвэрлэлт гүйцэтгэх

9.1.Тээвэрлэлтийг Иргэний хууль болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ.

9.2.Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм болон хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9.3.Нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг зориулалтын, стандартад нийцсэн, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, зорчигчийг баруун гар талруугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан автотээврийн хэрэгслээр гүйцэтгэнэ.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

9.4.Хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээнд байгалийн шатдаг хий, цахилгаан эх үүсвэрээр ажилладаг автотээврийн хэрэгсэл ашиглана. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2009 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

9.5.Тээвэрлэлтийн үйлчилгээнд хяналтын төхөөрөмжөөр тоноглогдсон автотээврийн хэрэгсэл ашиглана. /Энэ хэсгийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./

9.6.Тээврийн хэрэгслийн хяналтын төхөөрөмж ашиглахтай холбоотой дараах журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална: /Энэ хэсгийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./

9.6.1.хяналтын төхөөрөмж суурилуулах шаардлагатай тээврийн хэрэгслийн ангилал, төрөл, тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгсэлд суурилуулах хяналтын төхөөрөмжид тавигдах шаардлага, хяналтын төхөөрөмжийг ашиглах, үйлчилгээ хийх, үйл ажиллагааг хянах журам; /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./

9.6.2.тээврийн хэрэгслийн хяналтын төхөөрөмжийг суурилуулах, шалгах, засвар, үйлчилгээ хийх зөвшөөрөл олгох журам; /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9.6.3.тээврийн хэрэгсэлд суурилуулсан хяналтын төхөөрөмжид карт олгох, тавигдах шаардлага, картыг бүртгэх, хяналт тавих журам; /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./

9.6.4.тээврийн хэрэгсэлд суурилуулсан хяналтын төхөөрөмжийн ажиллагаа, гэрчилгээжүүлэлт болон хяналтын төхөөрөмжийн картын мэдээллийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой хяналтын төхөөрөмжийн хяналт, зохицуулалтын систем ашиглах журам. /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.