8 дугаар зүйл. Тээвэрлэлтийн ангилал, зохицуулалт
8.1.Тээвэрлэлт нь түүнийг гүйцэтгэх нутаг дэвсгэрийн хүрээгээр улс хоорондын, хот хоорондын, орон нутгийн, хот доторх болон хот орчмын гэж ангилагдана.
8.2.Улс хоорондын тээвэрлэлтийн чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэрийг олон улсын тээврийн харилцааны гэрээг үндэслэн автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргах бөгөөд түүнийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хууль, 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2008 оны 12 дугаар сарын 19-ний хуулиар өөрчлөлт оруулсан/
8.3.Хот хоорондын ачаа, нийтийн тээвэрлэлтийн чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэрийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох аймгийн Засаг даргатай хамтран гаргаж хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хууль, 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хууль, 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.4.Аймаг хооронд, орон нутаг, аймгийн төв, хотын доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэрийг тухайн аймаг, хотын Засаг дарга гаргах бөгөөд аймаг, нийслэлийн Засаг даргын эрх олгосон байгууллага хэрэгжүүлнэ.