171 дугаар зүйл. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэл
171.1.Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ.
171.2.Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
171.3.Автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар борлуулж болно. /Энэ хэсгийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
171.4.Энэ хуулийн 171.3-т заасан орлогыг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
171.5.Нийслэлд олгох автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тооны дээд хязгаарыг нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлах бөгөөд тус хязгаарт багтаан автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг энэ хуулийн 171.2-т заасан журмын дагуу олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
171.6.Энэ хуулийн 171.1-д заасан автотээврийн хэрэгслийн бүртгэлийг нийслэлийн Засаг даргад шилжүүлж болно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
171.7.Энэ хуулийн 171.5-д заасан хязгаарт багтаан олгох автотээврийн хэрэгслийн төрөл, ангилал, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, шалгуур үзүүлэлтийг нийслэлийн Засаг дарга батална. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
171.8.Нийслэлд бүртгэлтэй автотээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч байх бөгөөд автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг худалдах, бэлэглэх, барьцаалах замаар бусдад шилжүүлж болно. Автотээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч автотээврийн хэрэгслийг орон нутгийн бүртгэлд шилжүүлэн бүртгүүлсэн, эсхүл ашиглалтаас хасуулсан бол автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг өөр автотээврийн хэрэгсэлд ашиглаж болно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./