191 дугаар зүйл. Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах
191.1.Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг энэ хуулийн 15.1-д заасан тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага эрхэлнэ.
191.2.Техникийн хяналтын үзлэг хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага дараахь нөхцөл, шаардлагыг хангана:
191.2.1.авто тээврийн хэрэгслийн техникийн ашиглалтын байдалд тавих шаардлагын дагуу техникийн хяналтын үзлэгийг / авто тээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тоормосны систем, жолооны механизм, гэрэл дохио, явах анги, экологи болон эргономикийн үзүүлэлт / бүрэн хийх;
191.2.2.техникийн хяналтын үзлэгийн талаархи дүрэм, журам, стандартыг мөрдөх;
191.2.3.үйлдвэрлэлийн байр, талбай, оношлогооны тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн стандартын үзүүлэлт, шаардлагыг хангаж, хэмжил зүйн мэргэжлийн байгууллагаар жил бүр шалгуулж, баталгаажуулах;
191.2.4.гүйцэтгэсэн ажил үйлчилгээний хэмжээ, үйл ажиллагааны мэдээ, тайланг тогтоосон үзүүлэлт, загвараар эрх бүхий байгууллагад тогтмол хугацаанд гаргаж өгөх.
191.3.Авто тээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь үүрэг хүлээнэ:
191.3.1.техникийн хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах;
191.3.2.авто тээврийн хэрэгсэл бүрийн техникийн бичиг баримтын бүрдлийг хангах.
/Энэ зүйлийг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/