3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."автотээврийн хэрэгсэл" гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг;

3.1.2."зорчигч" гэж автотээврийн хэрэгслээр зорчихдоо энэ хуулийн 3.1.11-д заасан нийтийн тээврийн хэрэгслээр зорчих пайз, тасалбар авсан зорчигчийг;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.3."ачаа" гэж автотээврийн хэрэгслээр тээвэрлэж буй эд зүйлсийг;

3.1.4."тээвэрлэлт" гэж автотээврийн хэрэгслээр зорчигч болон ачааг нэг газраас нөгөө газарт шилжүүлэн зөөхтэй холбогдсон ажил, үйлчилгээг;

3.1.5."тээвэрлүүлэгч" гэж тээвэрлэлтийн үйлчилгээ хэрэглэгчийг;

3.1.6."тээвэрлэгч" гэж тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг;

3.1.7."улс хоорондын тээвэрлэлт" гэж Монгол Улсын хилийг нэвтрэн хийх тээвэрлэлтийг;

3.1.8."хот хоорондын тээвэрлэлт" гэж хот, аймгуудын нутаг дэвсгэрийг дамжин хийх тээвэрлэлтийг;

3.1.9."орон нутгийн тээвэрлэлт" гэж тухайн аймаг, сумын нутаг дэвсгэрт хийх тээвэрлэлтийг;

3.1.10."хот доторх болон хот орчмын тээвэрлэлт" гэж тухайн хотын нутаг дэвсгэрт хийх тээвэрлэлтийг;

3.1.11."нийтийн тээвэр" гэж эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтийн үйлчилгээний замын чиглэл, цагийн хуваарийн дагуу болон зохион байгуулалттай гүйцэтгэж байгаа зорчигч тээвэрлэлт, таксийн үйлчилгээг;

3.1.12."мөсөн замын тээвэр" гэж гол, мөрөн, нуурын ус хөлдсөн үед мөсөн дээгүүр хийх тээвэрлэлтийг;

/Энэ заалтыг 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.1.13."жуулчин тээвэрлэлт" гэж жуулчинд үзүүлж буй Аялал жуулчлалын тухай хуулийн 3.1.1 дэх заалтад хамаарах тээвэрлэлтийг;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.14."хүнсний технологийн тээвэрлэлт" гэж хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор түргэн муудах болон хадгалалтын тусгай горимд тухайн бүтээгдэхүүний шинж чанарыг алдагдуулахгүйгээр тээвэрлэх тээвэрлэлтийг;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.15."тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч" гэж автотээврийн хэрэгслийг жолоодох ажил гүйцэтгэж өөрт ашиг, орлого олох зорилгоор эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу сургалтын хөтөлбөрт хамрагдан мэргэжлийн үнэмлэх авсан этгээдийг;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.16."автотээврийн хэрэгслийн ашиглалт" гэж автотээврийн хэрэгслийг хадгалах, техникийн үйлчилгээ, засвар хийх, шатахуун тосолгооны болон ашиглалтын бусад материалаар хангах, техникийн хяналтыг зохион байгуулж явуулах зэрэг автотээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаанд техникийн бүрэн бүтэн байдал, найдварт ажиллагааг хангахад чиглэгдсэн техникийн ба зохион байгуулалтын арга хэмжээг;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.17."техникийн хяналтын үзлэг" гэж автотээврийн хэрэгслийн техникийн байдлыг тусгай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан, оношлогчийн мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагад тулгуурлан, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхэд үзлэг хийж шалгах, тодорхойлох, үнэлэх үйл ажиллагааг;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.18."авто үйлчилгээний байгууллага" гэж автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах үйлчилгээг хэрэглэгчид үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг.

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.19.“хяналтын төхөөрөмж” гэж олон улсын хэлэлцээрт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон жолоочийн ажлын тодорхой хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг автоматаар, эсхүл хагас автоматаар бүртгэж, харуулах, тээврийн хэрэгсэлд суурилуулах зориулалттай төхөөрөмжийг. /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./

ХОЁРДУГААР БҮЛЭГАВТОТЭЭВРИЙН ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.