15 дугаар зүйл. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх
1.Өргөдөлд дурдсан асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой бол зохих шийдвэрийг гаргана.
2.Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудал /орон сууц олгуулах гэх мэт/-аар гаргасан өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавина.
3.Гомдлыг албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ.
4.Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ.
5.Хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ.
6.Саналын шинжтэй өргөдлийг хүлээн авч хэрэгжүүлэх боломжтой эсэхийг судалсны үндсэн дээр зохих арга хэмжээ авах буюу энэ зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан журмаар хариу өгнө.
7./Энэ хэсгийг 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/