372 дугаар зүйл. Доголдол гаргахгүй байх үүрэг
372.1.Тур оператор, аяллын агент нь гэрээнд заасан аяллын ач холбогдлыг бууруулах буюу үр ашиггүй болгох аливаа доголдол гаргахгүйгээр аяллыг зохион байгуулах үүрэгтэй. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
372.2.Тур оператор, аяллын агент энэ хуулийн 372.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол жуулчин уг доголдлыг арилгахыг шаардах эрхтэй бөгөөд ийнхүү доголдлыг арилгахад харьцангуй их зардал гарахаар бол тур оператор, аяллын агент нь доголдлыг арилгахаас татгалзаж болно. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
372.3.Жуулчны тогтоосон боломжийн хугацаанд тур оператор, аяллын агент доголдлыг арилгахгүй бол жуулчин өөрөө уг доголдлыг арилгаж, гарсан зардлыг тур оператор, аяллын агентаас нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
372.4.Тур оператор, аяллын агент доголдлыг арилгахаас шууд татгалзсан буюу арилгах боломжгүй бол энэ хуулийн 372.3-т заасан хугацааг заавал тогтоох шаардлагагүй. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
372.5.Аялал нь ямар нэгэн доголдолтой бол тухайн доголдлыг арилгасан хугацааг харгалзан аяллын үнийг бууруулж болно.
372.6.Жуулчин доголдлыг арилгуулах тухай тур оператор, аяллын агентад өөрийн буруугаас мэдэгдээгүй бол аяллын үнийг бууруулахгүй. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./