373 дугаар зүйл. Гэрээ дуусгавар болох
373.1.Дараахь үндэслэлээр гэрээг дуусгавар болгоно:
373.1.1.аяллын доголдлоос болж жуулчинд үлэмж хохирол учирсан;
373.1.2.жуулчин хүндэтгэн үзэх шалтгаанаар аялалд оролцох боломжгүй болсон тухай аялал зохион байгуулагчид мэдэгдсэн;
373.1.3.тур оператор, аяллын агент нь жуулчны тогтоосон хугацаанд доголдлыг арилгаагүй. /Энэ заалтад 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
373.2.Энэ хуулийн 373.1-д заасан үндэслэлээр гэрээг дуусгавар болгосон бол тур оператор, аяллын агент нь хэлэлцэн тохиролцсон хөлс авах эрхээ алдана. Нэгэнт үзүүлсэн доголдолгүй үйлчилгээнийхээ хөлсийг шаардах эрхтэй. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
373.3.Гэрээ дуусгавар болсны дараа тур оператор, аяллын агент жуулчныг буцааж хүргэх үүрэг гэрээгээр хүлээсэн бол энэ үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. Энэ тохиолдолд жуулчныг буцааж хүргэхтэй холбогдсон зардлыг аялал жуулчлал зохион байгуулагч хариуцна. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
373.4.Гэрээ байгуулах үед урьдчилан мэдэх боломжгүй байсан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас аялал хийхэд ноцтой хүндрэл учирсан буюу жуулчинд хохирол учруулж болох өөр бусад нөхцөл бий болсон бол тур оператор, аяллын агент, жуулчны аль нь ч гэрээг дуусгавар болгох эрхтэй бөгөөд жуулчныг буцаахтай холбогдох зардлыг талууд тэнцүү хэмжээгээр хариуцна. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./