5 дугаар зүйл. Агаарын бохирдлын төлбөр ногдох зүйл
5.1.Олборлосон түүхий нүүрс, үйлдвэрлэсэн болон импортолсон органик уусгагч, автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл, агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдалд агаарын бохирдлын төлбөр /цаашид "төлбөр" гэх/ ногдуулна.
5.2.Төлбөр ногдуулах органик уусгагчийн жагсаалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
5.3.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн нэгж километр зайд явахад ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээгээр нь бүлэглэх ангиллыг суудлын автомашины хөдөлгүүрийн багтаамж, автобус, ачааны автомашины даацаас хамааруулан тогтоох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.
5.4.Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах бохирдуулах бодисын жагсаалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
5.5.Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт бохирдуулах бодисыг бохирдуулах бодисын хаягдлын стандартад заасан хэмжээнээс хэтрүүлэн гаргасан тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны байцаагч, холбогдох сум, дүүргийн Засаг дарга учирсан хохирлыг арилгуулж, хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр агаарын бохирдлын нөхөн төлбөр ногдуулан, төлөлтөд нь хяналт тавина.
/Энэ хэсгийг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.6.Агаарын бохирдлын нөхөн төлбөрийг холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Байгаль орчин, уур амьсгалын санд төлнө.
/Энэ хэсгийг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.7.Гэм буруутай этгээд энэ хуулийн 5.5-д заасан хохиролд агаарын бохирдлын нөхөн төлбөр төлсөн нь түүнд холбогдох хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
/Энэ хэсгийг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/