107 дугаар зүйл. Зохигч, оролцогч мэтгэлцэх
107.1.Зохигч, хэргийн бусад оролцогч мэтгэлцэх, тайлбар гаргахын өмнө шүүх хуралдаан даргалагч тэдэнд эрх, үүрэг болон үнэн зөв тайлбар өгөхийг урьдчилан сануулна.
107.2.Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
107.3.Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
107.4.Бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй этгээд шүүх хуралдаанд тайлбар, нотлох баримтаа гаргана.
107.5.Талууд урьд бичгээр тайлбар гаргасан бол шүүх хуралдаан дээр тухайн тайлбараа танилцуулж болно.