118 дугаар зүйл. Шийдвэрийн агуулга
118.1.Шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ.
118.2.Удиртгал хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заана.
118.3.Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
118.4.Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана.
118.5.Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал төлүүлэх, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана. Шийдвэр гүйцэтгэх арга, журмыг зааж, хүний орон байр, бусад газарт нэвтрэх, төлбөр төлөгчийн бие, орон байр, бусад газар, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад шаардагдах бусад зөвшөөрөл олгоно.
/Энэ хэсэгт 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2018 оны 4 дүгээр сарын 12-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
118.6.Энэ хуулийн 118.5-д заасан тогтоох хэсэг захиран тушаах хэлбэртэй байна.