119 дугаар зүйл. Шийдвэрийг танилцуулах, гардуулах

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

119 дугаар зүйл. Шийдвэрийг танилцуулах, гардуулах

119.1.Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана.

119.2.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

119.3.Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

119.4.Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна.

/Энэ хэсэгт 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

119.5.Хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

119.6.Энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд шүүхийн шийдвэрийг хүргүүлэхдээ энэ хуулийн 77.6-д заасан журмыг баримталж болно.

119.7.Энэ хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

119.8.Шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 119.4-т заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд энэ хуулийн 119.7 дахь хэсгийн заалт хамаарахгүй. Энэ тохиолдолд шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасан журмын дагуу хүргүүлж, хугацааг энэ хуулийн 119.6-д заасны дагуу тоолно.

/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Дээрх 119 дүгээр зүйлийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.