120 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, шүүхийн шийдвэрт гомдол гаргах

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

120 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, шүүхийн шийдвэрт гомдол гаргах

120.1.Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно:

120.1.1.энэ хуулийн 120.2-т заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй;

120.1.2.давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 167.1.1 - 167.1.3-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй, эсхүл гомдол гаргасан боловч гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гаргасан бол; /Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

120.1.3.давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 176.2.1-176.2.3-т заасан тогтоол гаргасан бол.

120.2.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.

120.3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 120.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ.

120.4.Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.

/Дээрх 120 дугаар зүйлийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.