167 дугаар зүйл. Шүүхийн магадлал
167.1.Давж заалдах журмаар хэрэг хэлэлцсэн шүүх дараахь байдлаар хянан шийдвэрлэж магадлал гаргана:
167.1.1.давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй буюу үндэслэлгүй бол түүнийг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх;
167.1.2.анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах;
167.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
167.1.4.анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;
167.1.5.энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах.
167.2.Магадлалд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэл, гаргаж байгаа магадлалын үндэслэлийг тус тус тусгана.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
167.3.Магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
167.4.Магадлал хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Магадлалыг зохигч энэ хуулийн 119.4-т заасны дагуу гардан авах, эсхүл шүүх энэ хуулийн 119.5-д заасны дагуу зохигчид хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
167.5.Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
167.6.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167.5-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/