168 дугаар зүйл. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох
168.1.Давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно:
168.1.1.шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй;
168.1.2.зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн;
168.1.3.хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн;
168.1.4.хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн;
168.1.5.шүүхийн шийдвэрт шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч гарын үсэг зураагүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан;
168.1.6.хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд илэрсэн;
168.1.7.энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн.
168.2.Давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.
168.3.Анхан шатны шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 168.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон бол давж заалдах журмаар хянан хэлэлцсэн шүүх тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/