25 дугаар зүйл. Хэргийн оролцогчийн эрх, үүрэг
25.1.Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь эрх эдэлнэ:
25.1.1.эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх;
25.1.2.хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох;
25.1.3.гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах;
25.1.4.энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах;
/Энэ заалтад 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
25.1.5.шүүх хуралдааны бусад оролцогчдод асуулт тавих;
25.1.6.шүүхийн шийдвэрт гомдол гаргах; /Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
25.1.7.нэхэмжлэлийн бүх шаардлага, эсхүл аль нэг буюу хэд хэдэн шаардлагатай холбогдуулан хэргийг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах;
/Энэ заалтыг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
25.1.8.хуульд заасан бусад эрх.
/Энэ заалтын дугаарт 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
25.2.Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ:
25.2.1.шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах;
25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;
25.2.3.шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх;
25.2.4.шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх;
25.2.5.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих;
25.2.6.шүүхийн шийдвэрийг гардаж авах, биелүүлэх.
/Энэ заалтад 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/