34 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох, түүний эрх, үүрэг

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох, түүний эрх, үүрэг

34.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно.

34.2.Өмгөөлөгч гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг төлөөлөхдөө төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээ авах ба шаардлагатай эрх зүйн туслалцаа үзүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход туслах үүрэгтэй.

34.3.Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ:

/Энэ хэсэгт 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

34.3.1.нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх;

34.3.2.гэрчээр асуулгах, шинжээч томилуулах хүсэлт гаргах;

34.3.3.хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай баримт бичгийг иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагаас гаргуулан авахаар шүүхэд хүсэлт гаргах, нотлох баримтыг бэхжүүлэх зорилгоор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн хэрэгсэл ашиглах;

34.3.4.тусгай мэдлэг шаардагдах асуудлаар мэргэжлийн байгууллага, хүн, хуулийн этгээдээс зөвлөгөө, лавлагаа авах;

34.3.5.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол гаргах;

34.3.6.үйлчлүүлэгчийнхээ илэрхийлж байгаа байр суурьт тайлбар хийх;

34.3.7.үйлчлүүлэгчийн шаардлага, татгалзал, түүнийг нотлох баримт, үндэслэлийг гаргах;

34.3.8.эсрэг талын болон бусад оролцогчийн гаргасан нотлох баримт, шаардлага, татгалзал, тайлбартай танилцах, тэдгээрт тайлбар өгөх;

34.3.9.хэргийн нотлох баримттай танилцах, шаардлагатай материалыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилан авах;

34.3.10.шүүх хуралдааныг хойшлуулах болон бусад асуудлаар хүсэлт гаргах;

34.3.11.өмгөөлөлд бэлтгэх боломжит хугацаа, нөхцөлөөр хангагдах;

34.3.12.шүүх хуралдаанд оролцох;

34.3.13.шүүгч, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг татгалзан гаргах;

34.3.14.хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, гэрч, шинжээчид асуулт тавих;

34.3.15.нотлох баримтыг шинжлэн судлуулах;

34.3.16.шүүх хуралдааны болон хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааны тэмдэглэлтэй танилцах;

34.3.17.шүүхийн шийдвэрийг давж заалдах, шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргах;

34.3.18.иргэний хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр /шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж/-ийг албадан биелүүлүүлэх тухай хүсэлт гаргах;

34.3.19.хуульд заасан бусад эрх.

34.4.Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах үүрэг хүлээнэ:

/Энэ хэсгийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

34.4.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль болон хуульч, өмгөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих;

34.4.2.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан бүрэн, тууштай хамгаалах;

34.4.3.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа үйлдэл хийхгүй байх;

34.4.4.өмгөөллийн явцад олж мэдсэн төрийн болон албаны, байгууллагын, үйлчлүүлэгчийн нууц, хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

34.4.5.хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд оролцох;

34.4.6.хуульд заасан бусад үүрэг.

34.5.Өмгөөлөгчийн эрх нь эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгээр батлагдана.

/Энэ хэсгийг дугаарт 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.