38 дугаар зүйл. Нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

38 дугаар зүйл. Нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх

38.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

38.2.Энэ хуулийн 38.1-д зааснаас бусад оролцогч нотлох баримт гаргаж болно.

38.3.Шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно.

38.4.Хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно.

38.5.Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

38.6.Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

38.7.Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө.

38.8.Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас нэг тал татгалзсан ч эсрэг тал нь түүнийг иш татах эрхтэй.

38.9.Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.

38.10.Шүүхээс нотлох баримтыг бүрдүүлэх явцад гарсан зардлыг шүүхийн зардалд тооцно.

38.11.Тоон гарын үсэг бүхий цахим баримтыг тоон гарын үсгийг эзэмшигч үйлдээгүй талаар үндэслэл бүхий тодорхой шалтгаан дурдсанаас бусад тохиолдолд уг цахим баримтын жинхэнэ эсэх талаар маргахгүй. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

38.12.Шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр цахим баримт хуурамч эсэхийг тогтоохоор шинжээч томилох, хуурамч эсэх эргэлзээг арилгахаар бусад нотлох баримтыг шаардан гаргуулж болно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

38.13.Шүүх хуурамч цахим баримтыг нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх, эсхүл баримтыг төрийн эрх бүхий байгууллагад зайлшгүй шилжүүлэх шаардлагатайгаас бусад тохиолдолд хавтаст хэрэгт үлдээнэ. Шүүх энэ хуулийн 38.12-т заасан шинжээчийн дүгнэлтээр хуурамч гэж тогтоогдсон нотлох баримтын талаар прокурорын байгууллагад мэдээлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.