45 дугаар зүйл. Эд мөрийн баримт
45.1.Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоож чадах биет зүйлийг эд мөрийн баримт гэнэ.
45.2.Эд мөрийн баримтыг хэрэгт, эсхүл тусгай байр, саванд тодорхой бүртгэлтэйгээр хадгална. Шүүхэд авчирч хадгалах боломжгүй эд мөрийн баримтыг түүний байгаа газарт нь үзлэг хийж, энэ тухай тэмдэглэл хөтөлнө. Шаардлагатай бол уг эд мөрийн баримтын талаар гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг хийж бэхжүүлэн хэрэгт хавсаргах буюу түүнийг битүүмжилж болно. Хүнсний ба түргэн муудаж, гэмтэх бусад зүйлд үзлэгийг шүүхээс хэргийн оролцогчдод мэдэгдэж даруй хийнэ. Үзлэг хийсний дараа уг зүйлийг хуульд өөрөөр заагаагүй бол гаргаж өгсөн этгээдэд буцаан олгоно.
45.3.Шаардлагатай бол эд мөрийн баримтыг эзэмшигч, эсхүл зохих баг, хорооны Засаг дарга, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, цагдаагийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд хадгалуулж болно. Хадгалахаар авсан этгээд эд мөрийн баримтыг хэвийн байдлаар хадгалах үүрэгтэй.
45.4.Энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд эд мөрийн баримтыг хуульд өөрөөр заагаагүй бол эзэмшигчид буцаан олгоно. Харин эд мөрийн баримтын кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэгийг хэрэгт үлдээнэ.