51 дугаар зүйл. Тэмдэглэл

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

51 дугаар зүйл. Тэмдэглэл

51.1.Анхан шат, хяналтын шатны шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэнэ. Хэргийн оролцогч оролцож байгаа бол давж заалдах шатны шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэнэ. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

51.2.Үзлэг, туршилт хийх, таньж олуулах, нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаа гүйцэтгэхэд тэмдэглэл үйлдэнэ.

51.3.Тэмдэглэлийг энэ хуулийн 7.1-д заасан шаардлагад нийцүүлэн үйлдэнэ.

51.4.Тэмдэглэлийг шүүх хуралдааны үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад ажиллагааны үед шүүгч, түүний даалгаснаар шүүгчийн туслах үйлдэнэ.

51.5.Тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ. Тэмдэглэлийг уг ажиллагаа явуулахад оролцсон буюу байлцсан бүх хүн уншиж танилцах бөгөөд тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэйг тэдэнд тайлбарлаж өгнө.

51.6.Тэмдэглэлд уг ажиллагааг явуулсан этгээд болон түүнд оролцсон буюу байлцсан бүх хүн гарын үсэг зурна. Тэдгээр нь гарын үсэг зурахаас татгалзах эрхгүй.

51.7.Тэмдэглэлд гэрэл зураг, зураглал, ул мөрнөөс буулгаж авсан хэв болон хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад зүйлийг хавсаргаж болох бөгөөд тэмдэглэлд энэ тухай заана.

Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамж

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.