50 дугаар зүйл. Нотлох баримтыг хамгаалах
50.1.Хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг өөрчлөх, устгах, бусдад шилжүүлэх, нуун дарагдуулах зэргээр уг хэргийг хянан шийдвэрлэхэд саад учруулж болох үндэслэлтэй гэж үзвэл хэргийн оролцогч уг нотлох баримтыг хамгаалуулахаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүхэд хүсэлт гаргаж болно.
50.2.Хүсэлтэд ямар нотлох баримтыг хамгаалах, хэргийн ямар байдлыг батлахад ач холбогдолтой болон хамгаалах болсон шалтгааныг заана.
50.3.Шүүгч уг хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл нотлох баримтыг хамгаалах тухай, хэрэв үндэслэлгүй гэж үзвэл татгалзах тухай захирамж гаргана.
50.4.Шүүгчийн захирамжид хаана, хэнд байгаа, ямар нотлох баримтыг яаж хамгаалах талаар заана.
50.5.Энэ хуулийн 50.3-т заасан шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нэн даруй биелүүлнэ.