13 дугаар зүйл. Газрын кадастрын судалгаа

КАДАСТРЫН ЗУРАГЛАЛ БА ГАЗРЫН КАДАСТРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Газрын кадастрын судалгаа

13.1.Газрын кадастрын судалгааг мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.2.Газрын кадастрын судалгаа дараахь үйл ажиллагаанаас бүрдэнэ:

13.2.1.газрын нэгдмэл сангийн тооллого явуулах;

13.2.2.газрын төлөв байдал, чанар, чадавх, эдийн засгийн үр өгөөж, өөрчлөлтийг илэрхийлж байгаа үзүүлэлтийг бодит байдлаар тогтоож, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх;

13.2.3.эдлэн газрыг үндсэн зориулалтаар нь эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг шалган нотлох;

13.2.4.эдлэн газар, нэгж талбаруудын газрын ерөнхий болон оноосон хил, заагийг газрын улсын бүртгэлийн холбогдох бичиг баримтыг үндэслэн шалган нотлох.

13.3.Энэ хуулийн 13.2.1-д заасан үйл ажиллагааг газрын нэгдмэл сангийн ангилал өөрчлөгдөх бүрд болон 5 жилд нэг удаа; нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийн тооллогыг тухайн шатны нутгийн захиргааны байгууллагын болон газар эзэмшигч, ашиглагчийн захиалгаар хугацаа харгалзахгүйгээр хийнэ.

13.4.Газрын нэгдмэл сангийн тооллогыг газрын үндсэн, дэлгэрэнгүй ангиллаар зураглал, бичлэг үйлдэж, түүний байршил, талбайн хэмжээг тодорхойлох замаар явуулна.

13.5.Газрын нэгдмэл сангийн тооллого явуулсан мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж тооллогын дүнгийн тухай мэдээ, баримт бичгийг аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллагаар хянуулж баталгаажуулна.

13.6.Тооллогын баримт бичгийг 3 хувь үйлдэж, аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллага болон захиалагчид тус бүр нэг хувийг хүлээлгэн өгнө.

13.7.Газрын нэгдмэл сангийн тооллого нь газрын нэгдмэл сангийн тоо бүртгэлийг бүрдүүлэх анхдагч мэдээлэл болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.