7 дугаар зүйл. Кадастрын зураглал эрхлэх байгууллага, түүний чиг үүрэг
7.1.Кадастрын зураглалыг мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэнэ.
/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хууль, 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.2.Кадастрын зураглал гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хууль тогтоомжийн дагуу ажлаа нэг бүрчлэн шалгуулж, шалгалтын актаар бүх зураг, мэдээллийн эх хувийг кадастрын зураглалын мэдээллийн санд хүлээлгэн өгнө.
7.3.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь кадастрын зураг хийлгэх захиалгаа геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд захиалгадаа дор дурдсан баримт бичгийг хавсаргана:
7.3.1.захиалагч аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, оршин байгаа хаяг, иргэний хувьд иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа хаяг; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.3.2.үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн баримт бичиг, талбайн байрлал, хэмжээ, хилийн шугам, түүний эргэлтийн цэгүүдийн тухай тодорхойлолт.
7.4.Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь дараахь үүрэгтэй байна:
7.4.1.кадастрын зураглал гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг өөрийн эдлэн газартаа саадгүй нэвтрүүлж, ажиллах, мэдээлэл авах боломжоор хангах;
/Энэ заалтад 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.4.2.өөрийн эдлэн газрын хилийн эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тэмдэглэсэн тэмдэгтийг хамгаалалтандаа авч, бүрэн бүтэн байдлыг хариуцах.
7.5.Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь кадастрын зураглалын талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
7.5.1.бүх ангиллын кадастрын зураглалын стандарт, технологийн аргачлал, дүрэм, журмыг батлуулан мөрдүүлэх;
/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7.5.2.геодези, зураг зүйн ажил эрхлэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд кадастрын зураглал хийх тусгай зөвшөөрөл олгох;
/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7.5.3.захиалагч, гүйцэтгэгчийг холбогдох мэдээллээр хангах;
7.5.4.кадастрын зураглал хийх технологийн бүх дамжлага, үе шатанд мэргэжлийн хяналт тавих, шаардлагатай бол магадлан хэмжилт хийх;
7.5.5.бүх ангиллын кадастрын зураглалын материалыг хүлээн авч, мэдээллийн сан бүрдүүлэх, кадастрын зураг, дагалдах мэдээллээр бүртгэлийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд үйлчлэх;
7.5.6.кадастрын зураглалд ашиглагдаж байгаа зураг, мэдээллийн нууцыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаалах;
7.5.7.Монгол Улсын улсын хилийн бүс болон батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, цэрэг стратегийн зориулалтын газарт бүх ангиллын кадастрын зураглал үйлдэх, ашиглах зөвшөөрлийг улсын хил хамгаалах байгууллагатай хамтран олгох;
7.5.8.үл хөдлөх эд хөрөнгийн байршлын талаархи маргааныг мэдээллийн санд байгаа өгөгдлөөр шалгах, мэргэжлийн дүгнэлт гаргах;
7.5.9.энэ хуулийн 7.3-т заасан захиалга, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хугацааг товлож тэмдэглэн өгөх;
7.5.10.кадастрын зураг хийлгэх захиалгыг хүлээн авч уг ажлыг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд зарлан мэдээлэх;
7.5.11.гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журам, комиссын бүрэлдэхүүнийг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар батлуулан хэрэгжүүлэх;
/Энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
7.5.12.захиалагч болон гүйцэтгэгчийн эрх бүхий төлөөлөгчтэй гурван талын гэрээ байгуулах;
7.5.13.газрын кадастрын зураглалын ажлын үр дүнг газрын мэдээллийн улсын санд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх.