9 дугаар зүйл. Нисэхэд ашиглах агаарын зайн аюулгүй байдлыг хангах
9.1.Монгол Улсын агаарын зайд цэргийн зориулалттай буудлага, дэлбэлэлт хийх, пуужин харвах зэргээр нислэгт аюул учруулж болзошгүй үйл ажиллагаа явуулахад цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага Иргэний нисэхийн ерөнхий газартай зөвшилцөнө.
9.2.Агаарын довтолгооноос хамгаалах зорилгоор байлдааны зориулалтаар пуужин харвах, буудлага үйлдэхэд энэ хуулийн 9.1 дэх заалт хамаарахгүй.
9.3.Аливаа агаарын хөлөг Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх үедээ хууль бус үйлдэлд өртөж, бусдын эрхшээлд орсон тохиолдолд цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.3.1.агаарын хөлгийг булаан авч, нисэх багийг эрхшээлдээ оруулсан этгээдэд агаарын хөлгийг ойролцоох нисэх буудалд буулгахыг шаардах;
9.3.2.хууль бус үйлдэлд өртсөн агаарын хөлгийн асуудлаар иргэний нисэхийн удирдлага болон нислэг хөдөлгөөний үйлчилгээний албанд үүрэг, даалгавар өгөх;
9.3.3.агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийг харьяалал харгалзахгүйгээр ойролцоох нисэх буудалд яаралтай буулгах арга хэмжээ авах;
9.3.4.аюулд нэрвэгдсэн гадаад орны агаарын хөлөгт тусламж үзүүлэх бололцоотой арга хэмжээг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу авч хэрэгжүүлэх;
9.3.5.хууль бус үйлдэлд өртсөн агаарын хөлөг ойролцоох нисэх буудалд осол эндэлгүй буух шаардлагыг үл хэрэгсэн нислэгээ үргэлжлүүлбэл дараагийн учирч болзошгүй уршиг, үр дагавраас сэргийлэх зорилгоор Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах;
9.3.6.зэвсэгт хүчний агаарын довтолгооноос хамгаалах анги, салбаруудын жижүүрлэлтийн хүч хэрэгслийг нэмэгдүүлэх.