12 дугаар зүйл. Компанийн үүсгэн байгуулагч
12.1.Компанийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, хуульд заасан бол гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн байж болно.
12.2.Компаниас гаргасан хувьцааг Монгол Улсын болон гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн эзэмшиж болно.
12.3.Компани нэг үүсгэн байгуулагчтай байж болно.
12.4.Компанийн үүсгэн байгуулагч нь тухайн компанийн хувьцааг эзэмшихгүй байж болно.
12.5.Төр, түүний байгууллага нь дараах тохиолдолд компанийн үүсгэн байгуулагч болон түүний хувьцаа эзэмшигч байж болно:
12.5.1.төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчилснаар шинээр бий болсон компанийн;
12.5.2.төрийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн байгуулах замаар үүссэн төрийн өмчит компанийн;
12.5.3.хууль тогтоомжид заасан журмын дагуу дампуурч байгаа компанийн төрд төлөх өрийг хувьцаагаар нь сольж авсан компанийн (Энэ тохиолдолд төр тухайн хувьцааг гурван жилийн дотор бусад этгээдэд худалдах үүрэгтэй);
12.5.4.гадаад улсын хуулийн этгээдтэй хамтран байгуулсан компанийн;
12.5.5.хуульд заасан бусад.
12.6.Компанийг үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг компанийн үүсгэн байгуулагчид хамтран хариуцна.
12.7.Компани үүсгэн байгуулах хурлын буюу төлөөлөн удирдах зөвлөл /хэрэв нэг үүсгэн байгуулагчтай бол үүсгэн байгуулагч/-ийн шийдвэрээр энэ хуулийн 12.6-д заасан зардлыг компани хариуцаж болно.
12.8.Энэ хуулийн 12.6, 12.7-д заасны дагуу компанийг үүсгэн байгуулахтай холбогдсон зардлыг төлсөн этгээд нь бусад үүсгэн байгуулагч, түүний эзэмшиж байгаа болон эзэмшихээр захиалсан хувьцааны тоотой нь хувь тэнцүүлэн уг зардлыг нэхэмжлэн авах, эсхүл гаргасан зардлынхаа хэмжээнд хувьцаа эзэмших эрхтэй.
12.9.Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь бусад компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байж болно.