13 дугаар зүйл. Шинээр компани үүсгэн байгуулах
13.1.Үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр компанийг үүсгэн байгуулна.
13.2.Компанийг нэг этгээд үүсгэн байгуулж байгаа тохиолдолд тухайн этгээд нь үүсгэн байгуулах шийдвэр гаргана.
13.3.Компанийг нэгээс дээш этгээд үүсгэн байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчид нь компани үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд уг гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана.
13.4.Энэ хуулийн 13.3-т заасан гэрээ нь компанийг үүсгэн байгуулах баримт бичигт хамаарахгүй.
13.5.Цөөн тооны этгээдээс захиалга авах арга /цаашид "хаалттай захиалга" гэх/-аар шинээр хаалттай хувьцаат компанийг үүсгэн байгуулахад дараах журмыг баримтална:
13.5.1.хаалттай захиалгыг захиалгын хуудсаар авах бөгөөд түүнд захиалагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, захиалсан хувьцааны төрөл, ангилал, тоо, үнийн дүн, захиалсан он, сар, өдрийг тусгах бөгөөд захиалагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурснаар захиалга хийгдсэнд тооцох;
13.5.2.захиалсан нийт хувьцааны төлбөрийг захиалгын хугацаа дууссанаас хойш ажлын 30 өдрийн дотор хийх.
13.6.Тодорхой шалтгаанаар компани байгуулагдаагүй бол компани үүсгэн байгуулах хурал товлосон өдрөөс хойш ажлын 14 өдрийн дотор захиалагчийн урьдчилан хийсэн төлбөрийг буцаан олгох үүргийг үүсгэн байгуулагч хүлээнэ.
Тайлбар: Энэ хуульд заасан “гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг ойлгоно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар тайлбар нэмсэн./