17 дугаар зүйл. Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах, бүртгэх
17.1.Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор батална.
17.2.Компанийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулга нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндсөн тохиолдолд эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй хувьцаа эзэмшигч энэ хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй.
17.3.Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
17.3.1.компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх тухай компанийн эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий өргөдөл;
17.3.2.компанийн дүрэмд орж байгаа нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг бүрэн эхийн хамтаар;
/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.3.3.компанийн дүрмийн хуулбар;
/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
17.3.4.бүртгэлийн хураамж төлсөн баримт.
17.4.Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.5.Бүртгэх байгууллага энэ хуулийн 17.3-т заасан баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын хоёр өдрийн дотор компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзсан үндэслэл бүхий шийдвэр гаргана.
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.6.Энэ хуулийн 17.3-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд бүртгэх байгууллага компанийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзана.
17.7.Бүртгэх байгууллага энэ хуулийн 17.6-д заасны дагуу бүртгэхээс татгалзсан бол энэ тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын хоёр өдрийн дотор татгалзсан үндэслэлээ тусгасан мэдэгдлийг өргөдөлд заасан шуудангийн хаягаар илгээнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.8.Энэ хуулийн 17.6-д заасан бүртгэх байгууллагын гаргасан шийдвэрийг компани эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
17.9.Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно.
КОМПАНИЙГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ, ӨРИЙГ ХУВЬЦААГААР СОЛИХ