18 дугаар зүйл. Компанийг өөрчлөн байгуулах

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Компанийг өөрчлөн байгуулах

18.1.Компанийг энэ хуульд заасан журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно.

18.2.Хуульд заасан тохиолдолд шүүх компанийг хуваах, тусгаарлах шийдвэр гаргаж болно.

18.3.Компанийг нэгтгэхээс бусад хэлбэрээр өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд шинээр бий болж байгаа компанийг улсын бүртгэлд бүртгэснээр компани өөрчлөн байгуулагдсанд тооцно.

18.4.Компанийг нэгтгэх хэлбэрээр өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд нэгдэж байгаа компанийг улсын бүртгэлээс хассанаар, хэрэв нэгтгэсэн компанийн дүрэмд өөрчлөлт орсон бол түүнийг улсын бүртгэлд бүртгэснээр тэдгээрийг өөрчлөн байгуулагдсанд тооцно.

18.5.Компанийг өөрчлөн байгуулах тухай шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор өөрчлөн байгуулагдсан компани нь зээлдүүлэгч болон бусад харилцагчид өөрчлөн байгуулагдсан тухайгаа бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд дараах зүйлийг тусгана: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

18.5.1.өөрчлөн байгуулсан арга, хэлбэр;

18.5.2.өөрчлөн байгуулагдсан болон түүний үр дүнд шинээр үүссэн компани тус бүрийн оноосон нэр болон байршил;

18.5.3.өөрчлөн байгуулах тухай шийдвэр гарсан он, сар, өдөр;

18.5.4.хуваах болон тусгаарлах замаар өөрчлөн байгуулж байгаа тохиолдолд хуваах баланс.

18.6.Хувьцаат компани нь өөрчлөн байгуулагдах, татан буулгах тухай шийдвэр гаргаснаас хойш энэ тухайгаа Санхүүгийн зохицуулах хороо болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад ажлын гурван өдрийн дотор мэдэгдэнэ.

18.7.Санхүүгийн зохицуулах хороо хувьцаат компанийн өөрчлөн байгуулагдах, татан буулгах тухай шийдвэрийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу зөвшөөрсөн бол уг бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлнэ.

/Энэ хэсгийг 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.