38 дугаар зүйл. Хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрх
38.1.Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь компаниас нэмж гаргаж байгаа энгийн хувьцааг өөрийн энгийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн тодорхой нөхцөлөөр тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй.
38.2.Энэ хуулийн 62.1.3-т заасны дагуу хувьцааг нэмж гаргах шийдвэр гаргах үед нэмж гаргаж байгаа хувьцааны тоо, үнэ, хувьцаа эзэмшигч бүрийн худалдан авч болох хувьцааны тоо, төлбөр хийх хугацаа, журам зэргийг заасан мэдэгдлийг энгийн хувьцаа эзэмшигч бүрд хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэдэг журмаар хүргүүлнэ.
38.3.Хувьцаа эзэмшигч тэргүүн ээлжид худалдан авах эрхээр хувьцааг худалдан авах тухай саналаа хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарснаас хойш ажлын 30 өдрийн дотор ирүүлнэ.
38.4.Энэ хуулийн 38.1-д заасны дагуу хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах үнэ нь тухайн хувьцааг гаргах үеийн зах зээлийн үнийн 90 хувиас доошгүй байна.
38.5.Энэ хуулийн 38.1-д заасан эрх бүхий хувьцаа эзэмшигч нь тогтоосон хугацаанд нэр, оршин суугаа газрын хаяг, худалдан авах хувьцааны тоо, үнийг төлсөн баримтыг компанид ирүүлснээр тэргүүн ээлжид хувьцааг худалдан авсанд тооцно.
38.6.Хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 38.1-д заасан эрхээ бүхэлд нь буюу хэсэгчлэн хэрэгжүүлж болно.
38.7.Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 38.1-д заасан эрхээ бусад этгээдэд бүхэлд нь буюу хэсэгчлэн шилжүүлж болно.
38.8.Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхийг эдлүүлэхгүй байхаар шийдвэрлэж болно.