60 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэр гаргах
60.1.Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана.
60.2.Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэрт дараах зүйлийг заана:
60.2.1.хурал хуралдуулах газар, өдөр, цаг;
60.2.2.хурлын хэлэлцэх асуудал;
60.2.3.хувьцаат компанийн хувьд хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр;
60.2.4.хурал хуралдуулах тухай хувьцаа эзэмшигчид мэдэгдэх өдөр, журам;
60.2.5.хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт;
60.2.6.саналын хуудсаар санал авах бол саналын хуудасны агуулга;
60.2.7.саналын хуудсыг хүлээн авах сүүлчийн өдөр;
60.2.8.хурлын дарга;
60.2.9.тооллогын комиссын дарга, гишүүд.
60.3.Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулна.
/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
60.4.Компани энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш тав хоногийн дотор хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хувьцаа эзэмшигчид хүргэх үүрэгтэй.
60.5.Энэ хуулийн 60.2.8-д заасан хурлын дарга хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хувьцаа эзэмшигчдийн хурлыг даргалах боломжгүй болсон тохиолдолд энэ тухайгаа төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д мэдэгдэх ба төлөөлөн удирдах зөвлөл хурлын даргыг хурал болохоос өмнө дахин томилно.
/Энэ хэсгийг 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/