59 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хурал

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

59 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хурал

59.1.Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна.

59.2.Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ.

59.3.Хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна.

59.4.Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна.

59.5.Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно.

59.6.Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

59.7.Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ энэ хуулийн 59.4-т заасан хугацааны дотор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргаагүй бол Санхүүгийн зохицуулах хороо тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсныг нийтэд мэдээлнэ.

59.8.Энэ хуулийн 60.1-д заасан эрх бүхий этгээдээс зарласан хувьцаа эзэмшигчдийн хурлын бэлтгэл хангахад компанийн удирдлага болон эрх бүхий албан тушаалтан дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээ, мэдээллээр шуурхай хангах үүрэгтэй.

59.9.Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулахтай холбогдсон зардлыг компани бүрэн хариуцна.

59.10.Хувьцаа эзэмшигчдийн хурлыг удирдах этгээдийг тухайн хурлыг зарласан этгээд хурал хуралдуулах шийдвэрт заана.

59.11.Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар энэ хуулийн 62.1.9-д заасан асуудлыг заавал хэлэлцэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.