62 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

62 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх

62.1.Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ:

62.1.1.компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах;

62.1.2.нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах буюу өөрчлөх замаар компанийг өөрчлөн байгуулах;

62.1.3.компанийн өрийг хувьцаагаар солих, хувьцаа нэмж гаргах, түүний тоог тогтоох;

62.1.4.компанийн хэлбэрийг өөрчлөх;

62.1.5.компанийг татан буулгах болон татан буулгах комиссыг томилох;

62.1.6.хувьцааг хуваах буюу нэгтгэх;

62.1.7.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох;

62.1.8.энэ хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигч нь хувьцаа, бусад үнэт цаасыг тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлэх эсэх;

62.1.9.компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;

62.1.10.төлөөлөн удирдах зөвлөлөөс хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж чадаагүй тохиолдолд энэ хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасан их хэмжээний хэлцлийг батлах;

/Энэ заалтад 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

62.1.11.төлөөлөн удирдах зөвлөлөөс хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж чадаагүй тохиолдолд энэ хуулийн арван хоёрдугаар бүлэгт заасан сонирхлын зөрчилтэй хэлцлийг батлах;

/Энэ заалтад 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

62.1.12.энэ хуульд заасны дагуу компани өөрийн хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг зөвшөөрөх;

62.1.13.компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

62.1.14.энэ хуулийн 96.4-т заасан тайлан;

62.1.15.төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан бусад асуудал;

62.1.16.энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад асуудал.

62.2.Төлөөлөн удирдах зөвлөлгүй хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ хуулийн 62.1-д зааснаас гадна дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:

62.2.1.компанийн үнэт цаасыг гаргах;

62.2.2.гүйцэтгэх удирдлагын багийн эрх хэмжээг тогтоох;

62.2.3.компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох;

62.2.4.гүйцэтгэх удирдлагын гишүүний цалин, урамшууллыг тогтоох;

62.2.5.компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар гүйцэтгэх удирдлагаас гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;

62.2.6.аудитын байгууллагыг сонгож, гэрээ байгуулах;

62.2.7.ногдол ашгийн хэмжээг тогтоож, төлөх журмыг батлах;

62.2.8.гүйцэтгэх удирдлагын дотоод зохион байгуулалтыг батлах;

62.2.9.компанийн салбар болон төлөөлөгчийн газрыг байгуулах;

62.2.10.энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу компанийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тодорхойлох;

62.2.11.энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад асуудал;

62.2.12.гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигчдийн саналаар хэлэлцүүлэхээр оруулсан бусад асуудал.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.