63 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох
63.1.Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж байгаа асуудлыг санал хураалтаар шийдвэрлэхэд энгийн хувьцаа эзэмшигч энэ хуулийн 34 дүгээр зүйлд, давуу эрхийн хувьцаа эзэмшигч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан саналын эрх эдэлнэ.
63.2.Хуульд өөрөөр заагаагүй бол нэг хувьцаа саналын нэг эрхтэй байна.
63.3.Саналын эрхтэй хувьцаа эзэмшигч нь санал хураалтаар шийдвэрлэх асуудал бүрээр санал өгөх эрхтэй.
63.4.Тооллогын комисс тухайн хурлаар хэлэлцэх асуудал тус бүрээр хурлын ирц болон саналын эрхтэй байх хувьцааны тоо, төрлийг тодорхойлно.
/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
63.5.Энэ хууль болон компанийн дүрэмд зааснаас дээгүүр хувь тогтоогоогүй, эсхүл хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн гишүүдийг сонгохоос бусад асуудлаар гаргах шийдвэр хуралд саналын эрхтэй оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно.
63.6.Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн гишүүдийг сонгохдоо нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан хүнийг сонгоно.
63.7.Энэ хуулийн 62.1.1-62.1.6-д заасан асуудлыг хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ.
63.8.Компанийн дүрмээр энэ хуулийн 62.1.1-62.1.6-д заасан асуудлыг шийдвэрлэх саналын тоог энэ хуулийн 63.7-д зааснаас дээгүүр тогтоож болно.
63.9.Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлын онцлогоос хамааран зарим асуудлыг хэлэлцэх журмыг компанийн дүрмээр тусгайлан тогтоож болно.
63.10.Хувьцаа эзэмшигчдийн хурал нь хэлэлцэх асуудалд ороогүй асуудлыг хэлэлцэхгүй.
63.11.Шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 66 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлыг нэмж оруулах журмыг компанийн дүрэмд зааж болно.