80 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал
80.1.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг сард нэг удаа хуралдуулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл нэмэлт хурал хийж болно.
80.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас тогтоол гаргах бөгөөд түүнд төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын дарга гарын үсэг зурна.
80.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, түүний гишүүд, гүйцэтгэх удирдлага болон компанийн дүрэмд заасан бусад этгээдийн санаачилга, шаардлагаар хуралдуулна.
80.4.Төлөөлөн удирдах зөвлөл үйл ажиллагааныхаа журмыг тогтоож батлах бөгөөд төлөөлөн удирдах зөвлөл эчнээ санал хураалтаар шийдвэр гаргаж болно.
80.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал гишүүдийнх нь дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно.
80.6.Хуульд өөрөөр заагаагүй, эсхүл компанийн дүрмээр тусгайлан өндөр хувь тогтоогоогүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцож байгаа гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.
80.7.Энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тухайн шийдвэрлэж байгаа асуудлаар төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүн санал өгөх эрхгүй байвал шийдвэрийг саналын эрхтэй төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.
80.8.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоо нь тогтоосон нийт гишүүний тооноос хоёр дахин багассан тохиолдолд компани нь гурван сарын дотор төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгохоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулна.
80.9.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар асуудал шийдвэрлэхэд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бүр саналын нэг эрхтэй байна.
80.10.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд даргын саналаар асуудлыг шийдвэрлэхээр компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журамд зааж болно.
/Энэ хэсгийг 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
80.11.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд дараах зүйлийг тусгана:
80.11.1.хурал хуралдсан газар, өдөр, цаг;
80.11.2.хуралд оролцсон гишүүд;
80.11.3.хурлаар хэлэлцсэн асуудал;
80.11.4.санал хураалтаар шийдвэрлэсэн асуудал болон санал хураалтын дүн;
80.11.5.гаргасан шийдвэр.
80.12.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд хуралд оролцсон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гарын үсэг зурах бөгөөд тухайн тэмдэглэлийн үнэн зөвийг тухайн хурлын дарга хариуцна.
80.13.Төлөөлөн удирдах зөвлөлийн аль нэг гишүүн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тайлбар гаргана. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
80.14.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг буруу хөтөлсөн нь тухайн хурлаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.