79 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

79 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн

79.1.Энэ хуулийн 81.2-т заасан нэр дэвшүүлэх хороо нь төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд дараах шалгуурыг хангасан хүний нэрийг дэвшүүлнэ:

79.1.1.өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;

79.1.2.өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;

/Энэ заалтад 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

79.1.3.төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;

79.1.4.компанитай бизнесийн аливаа холбоогүй.

79.1.5.хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад шаардлага.

/Энэ хэсгийг 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/

79.2.Төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан компанийн хувьд хараат бус гишүүнд тухайн компанийг удирдах мэргэжлийн өндөр ур чадвартай хүний нэрийг компанийн сайн засаглалыг дэмжих зорилготой төрийн бус байгууллагаас дэвшүүлэх саналаа тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хороонд ирүүлж болно.

/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

79.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь бусад гишүүний адил эрх, үүрэгтэй байхаас гадна дараах нэмэлт үүргийг хүлээнэ:

79.3.1.төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаа, гаргасан бодлого, шийдвэр нь тухайн компанийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн эсэх, үйл ажиллагаа нь хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн эсэхэд хяналт тавих, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил илэрвэл уг зөрчлийг арилгахыг холбогдох этгээдээс шаардах, шаардлагыг эс биелүүлбэл уг асуудлыг төлөөлөн удирдах зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх, улмаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шаардлагыг хүргүүлэх;

79.3.2.компанийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах талаар гүйцэтгэх удирдлагад үүрэг өгч, хэрэгжилтийг хянах, холбогдох этгээдээс шаардах;

79.3.3.хувьцаа эзэмшигчдийн хуралд биечлэн оролцож, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн талаар зарчмын зөрүүтэй байр суурьтай байсан бол энэ тухайгаа мэдээлж, хувьцаа эзэмшигчдийн асуултад хариулах, тодруулга хийх.

79.4.Төрийн болон орон нутгийн өмчит компани, 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн энэ хуулийн 76.1, 79.3-т зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй:

79.4.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулах худалдан авалтын талаар санал боловсруулах;

79.4.2.гүйцэтгэх удирдлагатай байгуулсан гэрээний дагуу бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг холбогдох хуулийн зарчимд нийцүүлэн үр ашигтай зохион байгуулж байгаа эсэхэд хяналт тавих.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.