85 дугаар зүйл. Компанийн эрх бүхий албан тушаалтны хүлээх хариуцлага
85.1.Компанийн эрх бүхий албан тушаалтан нь тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 10 хоногийн дотор өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдийн жагсаалтыг гаргаж, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргад өгөх бөгөөд уг жагсаалтад өөрчлөлт орсон тухай бүрд нь 10 хоногийн дотор компанид мэдэгдэнэ.
85.2.Компанийн эрх бүхий албан тушаалтан дор дурдсан хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас компани, хувьцаа эзэмшигч болон зээлдүүлэгчид учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө:
85.2.1.компанийн нэрийг хувийн сонирхлоор ашигласан;
85.2.2.хувьцаа эзэмшигч болон зээлдүүлэгчид санаатайгаар хуурамч мэдээлэл өгсөн;
85.2.3.мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй;
85.2.4.энэ хуулийн 97 дугаар зүйлд заасан компанийн баримт бичгийг зохих журмын дагуу хадгалаагүй;
85.2.5.энэ хуулийн 98 дугаар зүйлд заасан мэдээллийг мэдээлэл авах эрх бүхий этгээдэд гаргаж өгөөгүй, хугацаа хожимдуулан гаргаж өгсөн.
85.3.Компанийн эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 85.2.5-д заасан эс үйлдлийг хийсэн бол мэдээллийг хугацаандаа аваагүйгээс тухайн этгээдэд учирсан хохирлыг нөхөн төлнө.
85.4.Өөрийн буруугаас компанид хохирол учруулсан эрх бүхий албан тушаалтанд холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр энэ хуулийн 85 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэж болно.
/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/