89 дугаар зүйл. Сонирхлын зөрчил бүхий этгээд

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

89 дугаар зүйл. Сонирхлын зөрчил бүхий этгээд

89.1.Компанийн энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч, компанийн эрх бүхий албан тушаалтан, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь өөрийн ажиллаж байгаа болон хувьцааг нь эзэмшиж байгаа компанитай дор дурдсан харилцаанд орсон бол компанитай, эсхүл түүний хараат болон охин компанитай сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх этгээдэд тооцогдоно:

89.1.1.хэлцлийн нөгөө тал, эсхүл хэлцэлд төлөөлөгч буюу зуучлагчаар оролцож байгаа;

89.1.2.хэлцлийн нөгөө тал болон оролцож байгаа, эсхүл уг хэлцэлд төлөөлөгч буюу зуучлагчаар оролцож байгаа хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл энгийн хувьцааны /ногдол хувийн/ 20-оос дээш хувийг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа;

89.1.3.хэлцлийн нөгөө тал болон оролцож байгаа, эсхүл төлөөлөгч буюу зуучлагчаар оролцож байгаа хуулийн этгээдийн толгой компанийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл уг компанийн энгийн хувьцааны /ногдол хувийн/ 20 буюу түүнээс дээш хувийг дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа;

89.1.4.хэлцлийн үр дүнд шууд буюу шууд бусаар үүсэх орлогоос хувь хүртэж байгаа.

89.2.Дор дурдсан этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтан болон хувьцааны хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзнэ:

89.2.1.тэдгээрийн эхнэр, нөхөр, тэдэнтэй хамт амьдарч байгаа гэр бүлийн бусад гишүүн;

89.2.2.тэдгээрийн эцэг, эх, хүүхэд, ач, зээ болон ах, эгч, дүү;

89.2.3.тэдгээр нь өөрсдийн ажиллаж байгаа болон хувьцааг нь эзэмшдэг компанитай хийгдэж байгаа хэлцлийн үр дүнгээс шууд болон шууд бусаар үүсэх орлогоос хувь хүртэж байгаа тохиолдолд уг гэрээнд оролцогч талууд.

89.3.Энэ хуулийн арван хоёрдугаар бүлгийн заалтууд дараах тохиолдолд үл хамаарна:

89.3.1.компанийн бүх энгийн хувьцааг нэг этгээд эзэмшиж байгаа бөгөөд уг этгээд гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа;

89.3.2.хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хувьцаа худалдан авах эрхээ хэрэгжүүлэх;

89.3.3.компани нь хувьцаа эзэмшигч тус бүрээс тэдний худалдахаар санал болгож байгаа хувьцааг санал болгосон нийт хувьцааны төрөл тус бүрийн тоотой хувь тэнцүүлэн худалдан авах;

89.3.4.бусад компанийн энгийн хувьцааны 75 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа компани нь энэ хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу нэгтгэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдах.

89.4.Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо нь 10-аас илүүгүй бол компанийн дүрэмд энэ хуулийн 89.3-т зааснаас бусад тохиолдлыг зааж болно.

89.5.Компани тухайн тайлангийн хугацаанд хийсэн сонирхлын зөрчилтэй хэлцлийн тоо, хэлцэл хийсэн этгээд, хэлцлийн үнийн талаарх мэдээллийг жилийн тайландаа тусган нийтэд мэдээлэх үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.