99 дугаар зүйл. Нэгдмэл сонирхолтой этгээд, түүний талаарх мэдээлэл
99.1.Дараах хамаарал бүхий этгээдийг энэ хуульд заасан нэгдмэл сонирхолтой этгээд гэж тооцно:
99.1.1.тодорхой гэрээний үндсэн дээр хамтран тухайн компанийн удирдлагын шийдвэрийг тодорхойлох боломж бүхий бүлэг хүмүүс;
99.1.2.энэ хуулийн 6.14-т заасны дагуу тодорхойлсон компанийн нэгдэлд хамаарч байгаа компанийн хувьд компанийн нэгдлийн бусад оролцогч компани, тэдгээрийн эрх бүхий албан тушаалтан;
/Энэ заалтад 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
99.1.3.компанийн удирдлагын шийдвэрийг хамтран тодорхойлох боломж бүхий компани болон хүн /бүлэг хүмүүс/;
99.1.4.нэг хүн /бүлэг хүн/ гаргах шийдвэрийг нь тодорхойлох боломж бүхий компани;
99.1.5.компани болон уг компанийн эрх бүхий албан тушаалтан;
99.1.6.нэг гэр бүлийн гишүүн, эцэг, эх, хүүхэд, ач, зээ нар ах дүү, бусад төрөл, садангийн хүн;
99.1.7.нэг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчид;
99.1.8.өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь хувьцааны хяналтын багцыг нь эзэмшдэг болон эрх бүхий албан тушаалд ажилладаг компани, уг компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогч компани болон тэдгээрийн хувьцааны хяналтын багцыг эзэмшигч болон эрх бүхий албан тушаалтан;
99.1.9.уг этгээд ажил олгогч бол түүний ажилтан.
99.2.Компанийн хувьцааг дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшигч нь өөрийн эзэмшлийн үнэт цаасны тухай мэдээллээ нэгдмэл сонирхолтой этгээд болсон өдрөөс, эсхүл компанийн хувьцааны тав буюу түүнээс дээш багц болон хяналтын багцыг хамтран эзэмших болсноос хойш ажлын гурван өдрийн дотор компанид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
99.3.Нэгдмэл сонирхолтой этгээд нь энэ хуулийн 99.2-т заасан мэдээллийг өгөөгүй буюу хугацаа хэтрүүлж өгснөөс компанид болон бусад хувьцаа эзэмшигчид хохирол учруулсан бол уг хохирлыг нэгдмэл сонирхолтой этгээд нөхөн төлнө.
БУСАД