98 дугаар зүйл. Компанийн талаар мэдээлэл авах

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

98 дугаар зүйл. Компанийн талаар мэдээлэл авах

98.1.Хувьцаат компани нь жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, компанийн нэгдмэл сонирхолтой этгээдийн нэр, тэдгээрийн эзэмшлийн хувьцааны төрөл, тоо болон Санхүүгийн зохицуулах хороо болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын дүрэм, журмаар тогтоосон бусад мэдээллийг өөрийн үнэт цаас эзэмшигчийн хүсэлтээр танилцуулах үүрэгтэй.

98.2.Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, компанийн гүйцэтгэх удирдлагын хурлын тэмдэглэл, тушаал, шийдвэр болон хууль тогтоомжоор нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад баримт бичигтэй танилцах, үнэ төлбөртэй хуулбарлан авах бололцоог хувьцаа эзэмшигчид олгох үүрэг хүлээнэ.

98.3.Хувьцаат компанийн энгийн хувьцаа эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн аль нэг хувьцаа эзэмшигч нь компанийн энгийн хувьцаа эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, түүний эзэмшлийн хувьцааны тоо зэргийг агуулсан бүртгэлийг шаардан гаргуулах эрхтэй.

98.4.Компанийн гүйцэтгэх удирдлага, эсхүл хувьцаа эзэмшигчдийн бүртгэл хөтлөх эрх бүхий байгууллага энэ хуулийн 98.3-т заасан шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор шаардлага гаргасан өдрөөр тасалбар болгон бүртгэлийг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд үүнтэй холбогдон гарах зардлыг шаардлага тавьсан этгээд хариуцна.

98.5.Энэ хуулийн 98.1-98.2, 98.4-т заасан үүргээ биелүүлээгүй эрх бүхий албан тушаалтанд энэ хуулийн 85.4-т заасан хариуцлага хүлээлгэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.