97 дугаар зүйл. Компанийн баримт бичгийг хадгалах
97.1.Компани нь дараах баримт бичгийг хадгалах үүрэгтэй:
97.1.1.компанийн дүрэм, түүнд орсон нэмэлт, өөрчлөлт, компанийг байгуулах тухай үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр;
/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
97.1.2.хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагаас баталсан компанийн дотоод баримт бичиг;
97.1.3.компанийн салбар болон төлөөлөгчийн газрын дүрэм;
97.1.4.хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, шийдвэр;
97.1.5.хувьцаа эзэмшигчдийн хуралд зориулан хувьцаа эзэмшигчид тараасан баримт бичиг болон хувьцаа эзэмшигчээс хурлын хэлэлцэх асуудалд оруулахаар ирүүлсэн санал;
97.1.6.санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан;
97.1.7.хувьцаа болон үнэт цаас гаргах журам;
97.1.8.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг;
97.1.9.компанийн нэгдмэл сонирхолтой этгээдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн эзэмшлийн хувьцааны төрөл, тоо;
97.1.10.төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын хурлын тэмдэглэл, шийдвэр, тушаал;
97.1.11.компанийн санхүүгийн тайлангийн талаарх аудитын дүгнэлт;
97.1.12.компанийн эрх бүхий албан тушаалтны нэгдмэл сонирхолтой этгээдийн жагсаалт;
97.1.13.компанийн хувьцааны таваас дээш хувийг дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа этгээдийн нэрсийн жагсаалт, тэдгээрийн эзэмшлийн хувьцааны төрөл, тоо;
97.1.14.энэ хууль болон Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, компанийн дүрмээр тодорхойлогдсон компанийн бусад дотоод баримт бичиг.
/Энэ заалтад 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
97.2.Компани нь дараах баримт бичгийг хадгалж, хууль болон компанийн дүрэм, журмаар тогтоосон эрх бүхий этгээдийн шаардлагаар танилцуулах үүрэгтэй:
97.2.1.нягтлан бодох бүртгэлд тусгагдсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох баримт бичиг;
97.2.2.төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын хурлын тэмдэглэл, шийдвэр;
97.2.3.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт;
97.2.4.төрийн эрх бүхий хяналт зохицуулалтын байгууллагад хүргүүлсэн мэдээ, тайлан.
97.3.Компани нь өөрийн дүрэм, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг байнга хадгална.
97.4.Энэ хуулийн 97.1-д заасан компанийн дүрмээс бусад баримт бичгийг компани нь таван жилийн хугацаагаар хадгалах бөгөөд энэ хугацаа дууссаны дараа тэдгээрийг байгууллагын архивт шилжүүлнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
97.5.Энэ хуулийн 97.1-д заасан баримт бичгийг зохих журмын дагуу холбогдох этгээдээс хүлээн авч хадгалах, эрх бүхий этгээдэд танилцуулах, архивт шилжүүлэх зэрэг ажиллагааг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга /байхгүй бол гүйцэтгэх удирдлагын холбогдох албан тушаалтан/ эрхлэн гүйцэтгэнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
97.6.Компани нь энэ хуулийн 97.1-д заасан баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар буюу хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газар хадгална.