22 дугаар зүйл. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх, огцрох үндэслэл

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх, огцрох үндэслэл

1.Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Ерөнхий сайд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдад тус тус өргөн мэдүүлж болно.

2.Ерөнхий сайд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийн талаар зарчмын өөр саналтай бөгөөд уул саналыг Улсын Их Хурал буюу Ерөнхийлөгч хүлээн аваагүйгээс Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, Улсын Их Хурал итгэл хүлээлгээгүй, хөтөлбөрөө Улсын Их Хурлаар хэлэлцүүлснээс хойш 30 хоногийн дотор батлуулж чадаагүй, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа буюу Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох тухай хүсэлтийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3.Засгийн газрын гишүүн өөрийн эрхэлсэн асуудлын хүрээний бодлогын асуудлаар Ерөнхий сайдтай, эсхүл гишүүдийн олонхитой санал зөрсөн зэргээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад хэдийд ч гаргаж болно. Харин энэ тухай эцсийн шийдвэр гартал үүрэгт ажлаа гүйцэтгэж, хариуцлагыг хүлээнэ.

4.Улсын Их Хуралд олонхийн суудал авч Засгийн газар байгуулсан эвсэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25.9-25.11-д заасны дагуу тарсан бол Ерөнхий сайд огцрох тухай хүсэлтээ 7 хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.

/Энэ хэсгийг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.