23 дугаар зүйл. Ерөнхий сайдын бүрэн эрх
1. Ерөнхий сайд Үндсэн хуулийн дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ёсоор Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцаж, дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1/ Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон тэдгээрт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацаанд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй тохиолдолд Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2/Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулахдаа захирамж гаргана;
/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн./
3/ хууль болон Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийн дагуу Засгийн газрын дотоод, гадаад үйл ажиллагааг удирдана;
/Энэ заалтад 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтын дугаарт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4/ Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааг чиглүүлж удирдана;
/Энэ заалтын дугаарт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5/ Засгийн газрын үйл ажиллагааны тухай Улсын Их Хурлын чуулганд мэдээлж, авах арга хэмжээний тухай саналаа өргөн мэдүүлнэ;
/Энэ заалтын дугаарт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6/ энэ хуулиар тогтоосон үндсэн хүрээнд Засгийн газрын гишүүдийн эрхлэх ажлыг тодруулан хуваарилж, түүний гүйцэтгэлд хяналт тавина. Шаардлагатай бол тэдгээрт нэмэлт ажил үүрэг хариуцуулж болно. Хэрэв энэ хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Монгол Улсын сайд нарын эрхлэх асуудлыг нэгээс нөгөөд шилжүүлэх, нэг орон тоонд нэгтгэх, шинэ орон тоонд тусгаарлан хариуцуулах зэрэг өөрчлөлт оруулах бол энэ тухай саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлсний үндсэн дээр гүйцэтгэнэ;
/Энэ заалтад 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтын дугаарт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж хуралдааныг товлож, даргална;
/Энэ заалтын дугаарт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8/ дотоод, гадаад харилцаанд Засгийн газрыг төлөөлнө;
/Энэ заалтын дугаарт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9/ хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
/Энэ заалтын дугаарт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2. /Энэ хэсгийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсгийг 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
З. Ерөнхий сайд Засгийн газрын дотоод, гадаад бодлогын асуудлаар хэлэлцээ хийхдээ Засгийн газрын гишүүд, түүний дотор уг асуудлыг эрхэлсэн гишүүнтэй санал солилцсон буюу баримтлах бодлогоо тэдгээрт урьдчилан мэдэгдсэн байвал зохино.
/Энэ хэсэгт 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/