24 дугаар зүйл. Засгийн газрын гишүүний бүрэн эрх

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Засгийн газрын гишүүний бүрэн эрх

1.Засгийн газрын гишүүн энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар олгосон бүрэн эрхтэй. Түүний дотор:

1/эрхэлсэн асуудлын хүрээнд төрийн бодлого боловсруулж, хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажлыг Засгийн газрын өмнөөс эрхлэн гүйцэтгэж, зохих хүрээ, салбарын хөгжил, ажил хэргийн байдал, үр дүнг Ерөнхий сайдын өмнө дангаар, харин Засгийн газрын үйл ажиллагааны талаар хамтын хариуцлага тус тус хүлээнэ;

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2/эрхэлсэн асуудлын хүрээн дэх яам болон энэ хуулийн 184 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн удирдана; /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хууль, 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

3/Засгийн газрын хуралдаанд тогтмол оролцон санал бодлоо чөлөөтэй илэрхийлнэ;

4/хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө;

/Энэ заалтад 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5/эрхэлсэн асуудлаараа Улсын Их Хурлын Байнгын хороод, ажлын бусад байгууллагатай шууд харилцаж, Улсын Их Хурлын чуулган, Байнгын хорооны хуралдаанд өөрийн байр суурийг илэрхийлнэ;

6/хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон өөрийн шийдвэрийн биелэлтийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжид шалган танилцаж, биелэлтийг нь бүрэн хангах талаар шуурхай даалгавар өгч гүйцэтгүүлнэ;

7/эрхэлсэн асуудлаараа өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрыг төлөөлж аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч холбогдох ажилтантай хүлээгдэлгүй уулзаж болно;

8/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

2.Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана.

Хэрэв эрхэлсэн асуудлынхаа хүрээнд шийдвэрлэх гэж байгаа асуудал нь бусад хүрээнийхтэй шууд холбоотой бол Засгийн газрын холбогдох гишүүдтэй урьдчилан тохиролцож зохицуулсан байвал зохино. Засгийн газрын гишүүд удирдлагын түвшинд тохиролцсон асуудлаар хамтарсан тушаал гаргаж болно.Энэ талаар гарсан саналын зөрөөг өөрсдөө зохицуулж чадаагүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ /Энэ хэсгийн 4 дэх өгүүлбэрт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хасалт хийсэн/

З.Засгийн газрын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн болон албаны нууцыг хадгалах үүрэгтэй. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтооно. Засгийн газрын гишүүн "Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ." хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө.

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдэгдэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална. Хэрэв эрхэлсэн асуудлынхаа хүрээнд Ерөнхий сайдын бодлогыг зарчмын хувьд өөрчлөх шаардлагатай гэж үзвэл энэ тухай зохих шийдвэрийн төсөл бэлтгэж Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хууль, 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

5.Засгийн газрын гишүүн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн олонхийн саналаар шийдвэрлэсэн хуулийн төсөл, төрийн бодлогын зарчмын бусад асуудлаар Улсын Их Хурлын чуулган, Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүний хувьд зарчмын өөр санал илэрхийлэхгүй.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.Засгийн газрын гишүүн хууль тогтоомжоор эрх олгоогүй, түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй буюу хэлэлцсэн боловч олонхийн дэмжлэг аваагүй асуудлаар Засгийн газрыг төлөөлөх эрхгүй.

/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.Засгийн газрын гишүүн нэг хоногоос дээш хугацаагаар гадагш явбал Ерөнхий сайдаас зөвшөөрөл авах бөгөөд очих, холбоо барих хаягаа мэдэгдэнэ.

/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.Засгийн газрын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд хуулиар тогтоосон болон Ерөнхий сайдаас хуваарилан хариуцуулсан үүрэгт нь үл хамаарах цалинтай ажил хавсарч болохгүй.

/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хамтарсан болон дагнасан хувийн үйлдвэр, аж ахуйн бусад нэгжийн үйл ажиллагаа эрхэлдэг бол бүрэн эрхийнхээ хугацаанд уул нэгжийн ажлыг эрхлэн удирдаж болохгүй.

/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн өөрийн хувийн аж ахуй болон өмч эзэмшилтэй нь холбоотойгоор орсон орлогыг жил бүр, албан үйл ажиллагаатай нь холбогдуулан бусдаас өгсөн сарын цалингаас илүү үнэтэй бэлгийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тухай бүр мэдэгдэнэ.

/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.