25 дугаар зүйл. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа
1.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь төр, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан, иргэд туслалцаа үзүүлэх, гаргасан хууль ёсны шийдвэр, шуурхай даалгаврыг нь биелүүлэх үүрэгтэй.
2.Ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь баталгаагаар хангагдана:
1/түүний бие, нэр төр, уналга, зориулалтын орон сууц халдашгүй дархан байна;
2/нийслэл болон түүний орчмын газарт өвөл, зуны зориулалтын орон сууцтай байна;
3/албан ёсны болон ажлын айлчлал, төрийн ёслол, хүндэтгэлийн болон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад арга хэмжээ, зориулалтын өвөл, зуны орон сууцны зардал, үйлчилгээг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Түүний цалин, жилийн зардлын хэмжээг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно;
4/тусгай зориулалтын уналга болон холбоогоор хангагдана;
5/ /Энэ заалтыг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6/түүнийг Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, бие, орон сууц, албан тасалгаа, уналгад нь халдах, үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно;
7/түүний амь бие, орон сууц, уналга, холбооны хэрэгсэл улсын хамгаалалтад байх бөгөөд эхнэр /нөхөр/, насанд хүрээгүй хүүхдийг нь шаардлагатай үед улсын хамгаалалтад авна;
8/түүний эрүүл мэндийг онцлон хамгаална;
9/ бүрэн эрхийнхээ хугацаа дууссанаас эхлэн 2 жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй.
/Энэ заалтыг 2001 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтыг 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Засгийн газрын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь баталгаагаар хангагдана:
1/уналга, холбооны хэрэгслээр хангагдана;
2/цалин, зайлшгүй шаардлагатай бусад хангамж авах буюу эдэлнэ;
/Энэ заалтад 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хасалт хийсэн/
3/гадаадад байх, зорчих хугацаанд дипломат эрх ямба, дархан эрх эдэлнэ;
4/түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол энэ тухай Ерөнхий сайдад 24 цагийн дотор мэдэгдэнэ. Үүнээс бусад тохиолдолд Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайдын зөвшөөрөлгүйгээр цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр орон, уналга, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно;
5/гэмт хэрэг үйлдэж огцорсноос бусад үндэслэлээр бүрэн эрхийн нь хугацаа дуусгавар болоход түүнийг Засгийн газрын гишүүнээр томилогдохоос өмнө ажилд нь эргүүлэн ажиллуулах буюу тийм боломжгүй бол тухайн жилд амьдралын түвшинг нь бууруулахгүй байх арга хэмжээг Улсын Их Хурал авна.
3.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд албан татвараас бусад улс, орон нутгийн албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.
4.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.
5.Хуулиар өөр баталгаа тогтоож болно.
6.Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлыг Улсын Их Хурал дахь цөөнхийн нам, эвслийн бүлгийн дотор эрхлэн хариуцаж байгаа Улсын Их Хурлын гишүүнийг Засгийн газраас тухайн сайдын нэг адил улс орны хэмжээний мэдээллээр хангана.
/Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн, 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
ЗАСГИЙН ГАЗРААС УЛСЫН ИХ ХУРАЛ, ЕРӨНХИЙЛӨГЧ, БУСАД БАЙГУУЛЛАГАТАЙ ХАРИЛЦАХ