26 дугаар зүйл. Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах
1.Засгийн газар Улсын Их Хурлын итгэлийг хүлээсэн байвал зохино.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Ерөнхий сайд Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тогтоолын төслийг өргөн мэдүүлэхдээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, төсөв тэдгээрийн зүйл, хэсэг, заалтын талаарх өөрийн байр суурь болон Улсын Их Хурлаас дэмжлэг хүсэж байгаа асуудлыг тодорхой илэрхийлсэн байна. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайд огцорно.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.Улсын Их Хурал Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолыг баталсан бол энэ хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлыг дэмжсэнд тооцно. Ерөнхий сайд өөрт нь итгэл хүлээлгэх асуудлыг 6 сарын дотор дахин санаачлахгүй.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.Улсын Их Хурал өөрт нь итгэл хүлээлгэж байгааг нотолсон болон огцрох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон бол энэ тухай шийдвэр гарснаас хойш 6 сарын дотор Засгийн газар уг асуудлыг өөрөө санаачлан авч хэлэлцэхгүй.
5.Засгийн газраас Улсын Их Хуралтай өдөр тутам шууд харилцах асуудлыг Ерөнхий сайд, эсхүл ажил үүргийн хуваарь бүхий Засгийн газрын гишүүн эрхэлнэ.
6.Засгийн газар Улсын Их Хуралд жил бүр үйл ажиллагааныхаа тайланг тавьж, цаг үеийн асуудлаар тогтмол мэдээлэл хийж байна.
7.Засгийн газар Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг Улсын Их Хурлаас тогтоосон, эсхүл хуульд заасан хугацаанд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өөрийн бүрэн эрх эхэлснээс хойш 60 хоногийн дотор, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, төсвийн төслийг хуульд заасан хугацаанд Улсын Их Хуралд тус тус өргөн мэдүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийн 3 дахь өгүүлбэрийг 2005 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.Засгийн газар хуулийн төсөл, төрийн бодлогын зарчмын бусад асуудлаар Улсын Их Хурлынхаас өөр саналтай байгаа бол Ерөнхий сайд уг саналаа дахин хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд тавьж болох бөгөөд түүнийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж хариу өгнө.
9.Засгийн газар хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу боловсруулсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Ерөнхий сайд, түүний даалгавраар Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын даргад зохих журмын дагуу өргөн мэдүүлнэ.
10.Энэ зүйлийн 9 дэх хэсэгт заасан төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийн өмнө хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон тухайн төслийг хариуцан боловсруулсан Засгийн газрын гишүүний албан ёсны зөвшөөрлийг авсан байна.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
11.Ерөнхий сайд нь Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг хууль тогтоомжид заасан журмын дагуу өгөх үүрэгтэй.
/Энэ хэсгийн дугаарт 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./