10 дугаар зүйл. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
10.1.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхтэй:
10.1.1.иргэдэд газар өмчлүүлэх талаархи төрийн нэгдсэн бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх;
10.1.2.иргэдэд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд нь бүх шатны Засаг даргыг мэргэжлийн нэгдсэн удирдлагаар хангах;
10.1.3.иргэдэд өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээний талаар аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн саналыг нэгтгэх, өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээ, заагийг сум, дүүрэг тус бүрээр нэгтгэн бүртгэх;
10.1.4.иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах асуудлыг Засгийн газрын нэрийн өмнөөс тухайн газар өмчлөгчтэй урьдчилан тохиролцох;
10.1.5.газар өмчилж авах тухай хүсэлт гаргах өргөдлийн загварыг батлах;
10.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.