5 дугаар зүйл. Иргэнд газар өмчлүүлэхэд баримтлах зарчим, үндэслэл

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Иргэнд газар өмчлүүлэхэд баримтлах зарчим, үндэслэл

5.1.Иргэнд газар өмчлүүлэхэд дараахь зарчим, үндэслэлийг баримтална:

5.1.1.газар өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авахыг хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах;

5.1.2.иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох;

5.1.3.иргэнд газар тариалангийн зориулалтаар газар өмчлүүлэхдээ тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн газар тариалан хөгжүүлэх хэтийн болон тухайн жилийн төлөвлөгөөнд заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.1.4.Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх;

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.1.5.иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ:

5.1.5.1.Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх;

5.1.5.2.Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх;

5.1.6.иргэнд газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ:

5.1.6.1.иргэний хувийн хөрөнгөөр барьж байгуулсан, барьж байгаа буюу хувьчилж авсан, түүнчлэн Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан журмын дагуу өөрийн өмчлөлд шилжүүлж авсан барилга байгууламжид зориулан газрын тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр зохих гэрээ байгуулж эзэмшүүлсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг худалдаж түүнд өмчлүүлэх;

5.1.6.2.иргэний хувийн хөрөнгөөр шинээр барьж байгуулах, хуульд заасан журмаар хувьчилж авах, түүнчлэн Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан журмын дагуу өөрийн өмчлөлд шилжүүлж авах барилга байгууламжид зориулан өмчлөх газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа тохиолдолд дуудлага худалдаа явуулах замаар өмчлүүлэх.

5.1.7.газар тариалангийн зориулалтаар газар дээр газар тариалангийн үйлдвэрлэлийг эрхэлж байгаа иргэдэд дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хэлбэрээр өмчлүүлэх;

5.1.8.иргэнд газар тариалангийн зориулалтаар газар өмчлүүлэхдээ:

5.1.8.1.Газрын тухай хуульд заасны дагуу иргэний эзэмшсэн тариалангийн газар нь энэ хуулийн 5.1.3-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг давуу эрхээр үнээр нь худалдаж түүнд өмчлүүлэх;

5.1.8.2.Газрын тухай хуульд заасны дагуу тариалангийн газар эзэмшээгүй иргэн тариалангийн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд уг газар нь энэ хуулийн 5.1.3-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байвал уг газрыг дуудлага худалдааны журмаар өмчлүүлэх.

5.2.Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэн, харьяалалгүй хүн газар өмчлөх эрх эдлэхгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.