Нэгдүгээр зүйл. Монгол Улсын хууль тогтоох ба гүйцэтгэх дээд байгууллагуудыг Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шинэчлэн байгуулах
1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийг Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмын дагуу 1992 оны зургадугаар сард багтаан явуулсны үндсэн дээр Монгол Улсын Их Хурлыг, түүнээс Монгол Улсын Засгийн газрыг тус тус байгуулна.
2. Улсын Их Хурал, Засгийн газар шинэчлэн байгуулагдаж, тэдгээрийн бүрэн эрх эхлэх хүртэл хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурал, БНМАУ-ын Бага Хурлын бүрэн эрхийн хугацаа хэвээр үргэлжилнэ. Энэ хугацаанд:
1/ Ардын Их Хурал нь төрийн дотоод, гадаад бодлогын ямар ч асуудлыг санаачилгаараа хэлэлцэн шийдвэрлэж болохоос гадна Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх, огцруулах, Улсын Бага Хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, 7-д зааснаар Ерөнхий сайдыг томилох, өөрчлөх, огцруулах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох, түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн жаран есдүгээр зүйлд заасан бүрэн эрхийг тус тус хэрэгжүүлнэ;
2/ Улсын Бага Хурал энэхүү Хавсралт хуулиар Ардын Их Хурлын онцгой эрхэд хамааруулснаас бусад асуудлаар Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Түүнчлэн Ардын Их Хурлын хуралдааны чөлөө цагт түүнд дараа оруулан батлуулахаар Ерөнхий сайдыг томилох буюу чөлөөлнө.
3. БНМАУ-ын Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас шинэ Засгийн газар байгуулах хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.